АСУУЛТАД ХАРИУЛЪЯ - ОЮУ ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР
Сэргээгдэхийн хувьд 7.9 цент бол өмнө хэрэгжсэн 10 гаруй центын үнэтэй төслүүдтэй харьцуулбал хямд үнэ, хүрсэн амжилт мөн. Хятадын компани нэгэнт мөнгө зараад барьчихсан шугамаа 2030 оноос хойш ажилтай байлгаж орлого олно, дээрээс нь сэргээгдэхийн станцыг хамтарч эзэмшинэ гэдэг нь хятадуудад хожоо. MCS мэдээж ашиг хийнэ, тэгээд орлогын дийлэнх дотоодод үлдэнэ гэдэг нь Монголд хожоо. Энэ дуудлага худалдаа ялагч нь ойлгомжтой гэдэг нь үнэн, учир нь найдвартай ажиллахын тулд Хятадын сүлжээтэй хамтарсан түншлэл л ялна, тэр нь ганцхан. Тэгэхээр энэ талаар гарсан шүүмжлэлийг ойлгож болно. Таван толгойн нүүрсний станцыг яагаад бариагүй, барихгүй байгааг ЗГ-с асуух нь ч зөв. За тайлбарлая:
СОНГОЛТГҮЙ СОНГОЛТ
- Сэргээгдэх эрчмийн үйлдвэр доголдоход тогтвортой хангахын тулд нэг бол их үнэтэй том батерей хураагууртай байх, эсвэл Хятадын том сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.
- Батерей хураагууртай өөр өрсөлдөгч аукционд орлоо ч хөрөнгө оруулалт өндөр тул дуудлагын хямд үнээр ялах боломжгүй.
- Хятадын сүлжээгээр одоо Оюу толгойд цахилгаан нийлүүлэх зөвшөөрөлтэй Өвөр монголын компани MCS-тэй түнш болж оролцсон гэсэн. Энэ компани оролцоогүй бол 99.5% найдваршил байхгүй, аукционд ялахгүй. Тэгэхээр найдвартай байхын тулд өөр аргагүй, орлуулшгүй түнш юм байна.
- Одоо Хятадаас 2030 он хүртэл Оюутолгой руу цахилгаан нийлүүлэх гэрээтэй. Гэрээ дуусаад нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно, Монголын эдийн засаг хүнд байдалд орно гэсэн үг. Харин Хятадын сүлжээний компани төлөөллөөрөө дамжуулаад өөрөө тендерт ороод Монгол компанитай хамтарч сэргээгдэх барьж ашиг олоод, нэгэнт оруулаад ирсэн цахилгаан дамжуулах шугамаа ч ашигласаар байх давхар хожоотой шийдвэр байх. Тэдний хувьд.
- Рио тинто чинь баяжуулах үйлдвэр, далд уурхай найдвартай ажиллахын тулд Монголын эрчим хүчний сүлжээнд найдахгүй, найдвартай биш гэж хэлдэг, Хятадын том сүлжээнд холбогдож байж л ажиллана гэдэг талаар олон сонссон. Бас Рио тинтогийн том хувь эзэмшигч нь Хятадын төрийн өмчийн Чалко болон хөрөнгийн сан, зах зээл нь ч Хятад, бизнесийн найдвартай түншүүд нь Хятадын компаниуд. Тэд нартайгаа бас цахилгаан хангамжаа яаж хийх үү гээд ярилцдаг л байж таарна. Дээрээс нь өөр улсын нутагт байгаа станцтай өндөр хүчдэлийн шугам холбоно гэдэг нь өөрөө БНХАУ-ын төрийн бодлогын оролцоотой л хийгдэнэ. Энэ тохиолдолд угаасаа сонголтгүй сонголтоор Өвөр Монголын сүлжээ компанитай хамтарч ажиллах нөхцөл байдал харагдаж байна уу?
МОНГОЛД АШИГТАЙ ЮУ?
- Хятадаас цахилгаан авахад жил бүр төлдөг зуун дөч орчим сая долларын зарим нь дотооддоо үлдэнэ. Заримыг Хятадад төлнө. Яагаад гэвэл батерей хураагуур байхгүй учраас цахилгааны үйлдвэрлэл доголдох үед Хятадын сүлжээнээс мөнгө төлж доголдсон цахилгаанаа нөхөж авна.
- Борлуулалтын орлогын ахиуц хэсэг Монголын компани MCS-д ногдоно. Учир нь аукционд оролцох компани гадаадын компанитай хоршиж болох ба Монголын компанийн оролцоо давуу байна гэж заасан юм гэсэн.
- 7.9 цент гэдэг нь сэргээгдэхийн өмнөх том төслүүдээс бол бага үнэ. Хэрэв батерей хураагууртай бол ийм бага үнэ бараг боломжгүй байх, харин Хятадын сүлжээтэй холбогдсон тул батерей хураагуурын хөрөнгө оруулалтыг хэмнээд, зардал багасаж үнэ бууруулах боломж бүрдсэн. Доголдсон үед Хятадаас авахдаа энэ үнээ өсгөхгүй байх нь чухал. Энэ маш чухал.
ӨӨР ХУВИЛБАР БАЙСАН УУ?
- Байсан. Аль дээрээс яригдсан Таван толгойн нүүрсний станцыг барьсан бол ашигтай байсан. Даан ч бариагүй олон жил алдлаа. Намуудын мөрийн хөтөлбөрт, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ч хэрэгжүүлдэггүй юм. Тийм хүсэл, чадвар байгаагүй, байхгүй юм байна. Хийсэн сонголт, байгуулсан Засгийн газар, газруудаасаа асуух хэрэгтэй.
- Рио тинто, MCS, БНХАУ-ын сүлжээ, Монголын Засгийн газар гээд олон ашиг сонирхлын дундаас нэг иймэрхүү шийдэл гарч ирсэн шиг байна.
- За миний хувьд шийдвэр гаргалтад оролцоогүй, албан дүгнэлт хийхгүй. Гэхдээ салбарын төсөөлөлтэй хүний хувьд бодит байдлыг хэрхэн харж байгаагаа хуваалцав.
2026.09.27
Ж.Золжаргал