Гөөмөн мундаг бичжээ...яг л бидний амьдрал!!!
Монгол одоохондоо ухаантай хүнд там тэнэг хүнд жаргал болж байгаа орон
☝️☝️☝️
Энд ухаантай байх амаргүй. Учир нь ухаантай хүн юмсын цаадах шалтгааныг харна. Худлын цаадах ашиг сонирхлыг харна. Хулгайн цаадах бүлэглэлийг харна. Ард түмний хоосон гомдлын цаана өөрсдийнх нь залхуурал, айдас, атаархал, бодолгүй сонголт байгааг харна.
Харин тэнэг хүн зовдоггүй.
Тэр өнөөдрийн хоол, маргаашийн цалин, сонгуулийн үеийн жижиг амлалт, хямдхан уриа, хоосон бахархалдаа хууртаад л явна. Тэр “яагаад би ингэж амьдарч байна вэ?” гэж асуухгүй. “Хэн намайг хуурч байна вэ?” гэж нэхэхгүй. “Би өөрөө энэ доройтлын нэг хэсэг мөн үү?” гэж өөрөөсөө айж асуухгүй.
Тиймээс Монгол тэнэг хүнд жаргалын орон.
Харин ухаантай хүнд там.
Монголд нэг өдөр заримдаа нэг жил шиг урт санагддаг. Яагаад гэвэл энд зөвхөн замын түгжрэлд биш, оюун санааны түгжрэлд хүн амьдардаг. Зөвхөн утаанд биш, бодолгүй байдлын өтгөн мананд амьсгалдаг. Зөвхөн ядууралд биш, ядууралдаа дассан сэтгэлгээний шоронд амьдардаг.
Намайг хамгийн их зовоодог зүйл бол Монгол хүний хоосон харц.
Өвсөө удаан гулигин хэвж буй үхрийн нүдэнд утга учир хайж байгаа мэт хоосон, хөдөлгөөнгүй харц байдаг. Заримдаа гудамжинд, автобусанд, дэлгүүрт, төрийн байгууллагад, сонгуулийн талбайд тийм харцтай хүмүүсийг харахаар дотор давчддаг.
Тэр харцанд уур хилэн алга.
Тэмцэл алга.
Гайхшрал алга.
Ичгүүр алга.
“Би яагаад ингэж амьдарч байна вэ?” гэсэн хамгийн энгийн асуулт ч алга.
Зүгээр л амьдралын автомат давталт.
Өглөө босно.
Түгжрэлд сууна.
Ажилдаа явна.
Гомдоллоно.
Цалингаа хүлээнэ.
Өрөө төлнө.
Улстөрчдийн худал үгийг сонсоно.
Хэсэг уурлана.
Маргааш нь мартана.
Дараагийн сонгуулиар дахиад хууртана.
Энэ бол амьдрал биш. Энэ бол хүний дүртэй автомат хөдөлгөөн.
Хүн зөвхөн өлсөх, ядрах, унтах, хэрэглэх, гомдоллох мэдрэмжийн хүрээнд амьдраад эхлэхээр дотоод оршихуй нь хоосордог. Тэр хүн амьд мэт харагдавч амьдралаа ойлгох чадвараа алдсан байдаг. Нүд нь нээлттэй боловч ухамсар нь унтарсан байдаг. Бие нь хөдөлж байгаа боловч сэтгэлгээ нь хөдөлгөөнгүй байдаг.
Ийм нийгэмд ухаантай хүн галзуурах шахна.
Учир нь тэр бусдын харахгүй байгаа сүйрлийг харна. Бусдын хэвийн гэж дассан зүйлийг хэвийн биш гэдгийг мэдэрнэ. Бусдын “ингээд л болдог юм” гэж хүлээн зөвшөөрсөн доромжлолыг доромжлол гэж харна.
“Ингээд л болдог юм” гэдэг үг Монголыг хамгийн их сүйтгэсэн.
Төр хулгай хийж байна — ингээд л болдог юм.
Авлигагүй ажил бүтэхгүй байна — ингээд л болдог юм.
Эмнэлэг дорой байна — ингээд л болдог юм.
Сургууль хоцрогдсон байна — ингээд л болдог юм.
Хот утаанд живж байна — ингээд л болдог юм.
Залуус гадагшаа зугтаж байна — ингээд л болдог юм.
Баялагтай улс ядуу амьдарч байна — ингээд л болдог юм.
Үгүй. Ингээд болдоггүй юм.
Ингэж явсаар улс хөгждөггүй. Ингэж явсаар ард түмэн хүн шиг амьдардаггүй. Ингэж явсаар боддог хүмүүс нь дотроо шатаж, хулгайчид нь баяжиж, популистууд нь алга ташуулж, тэнэглэл нь улам шагнагдаж, шударга хүн нь улам ганцаарддаг.
З
Монголын хамгийн том эмгэнэл бол ядуу хүн олон байгаа явдал биш. Харин ядуу байдалдаа дассан хүн олон байгаа явдал. Хулгайд уурладаг мөртлөө хулгайчийн мөнгөнд хууртдаг хүн олон байгаа явдал. Авлигачдыг хараадаг мөртлөө өөрт нь боломж олдвол адилхан хийхэд бэлэн хүн олон байгаа явдал.
Энэ бол ядуурал биш.
Энэ бол дотоод ялзрал.
Монголд үнэн хэлсэн хүн муухай хүн болдог.
Тооцоо ярьсан хүн төвөгтэй хүн болдог.
Хариуцлага нэхсэн хүн дайсан болдог.
Дүрэм баримталсан хүн хохирогч болдог.
Харин худлаа ярьж, чанга орилж, олны сэтгэл хөдлөл дээр тоглосон хүн баатар болдог.
Тиймээс Монгол бол тэнэг хүнд жаргалын орон.
Тэнэг хүн энд тайван. Тэр гүн бодохгүй. Хол харахгүй. Шалтгаан хайхгүй. Хариуцлага нэхэхгүй. Өөрийгөө буруутгахгүй. Бурууг үргэлж гаднаас хайна. Нэг өдөр Оросыг буруутгана. Нэг өдөр Хятадыг буруутгана. Нэг өдөр Америкийг буруутгана. Нэг өдөр уул уурхайг буруутгана. Гэхдээ өөрийн сонголт, өөрийн залхуурал, өөрийн бодолгүй байдал, өөрийн атаархал, өөрийн айдастай нүүр тулахгүй.
Харин ухаантай хүн нүүр тулна
☝️☝️☝️