УЧРАЛЫН УРШИГТАЙ ТӨСӨВ
Төсөв бол төрийн санхүүгийн завь. Түүнд цоорхой гарсан: орлого тасалдсан, өмнөх жил ТӨК-үүдээс энэ жилийн татвар, ногдол ашгийг нь суутгаж авсан, багш нарын цалингийн нэмэлтээ буруу тооцоолсон гэх мэт. Энэ цоорхойг яаралтай бөглө, төсвөө тодотго гэж томилогдсан цагаас нь хойш сануулсан. ЕС маань харин завиа зад татаад хэдэн ширхэг банзаар сал хийчихье, илүү гарсан зомголоо “ард түмэндээ өгчихье” гэдэг санал оруулж иржээ.
Тэр хэрхэн завиа сүйтгэж байна вэ? Байшин барихад эхлээд зураг гаргана, сууриа цутгана, түүн дээр ханаа өрнө, тэгээд дээврээ тавина гэх мэт дараалалтай. Төсвийн хувьд зураг нь хөгжлийн бодлого, суурь нь төсвийн тогтвортой байдал, хана нь төсвийн хүрээ буюу дунд хугацааны мэдэгдэл, дээвэр нь тухайн жилийн төсөв гэх мэтээр тус бүрийг нь хуульчилж үе шат, хэмжээ хязгаарыг нь заасан. Нэг нь нөгөө дээр суурилж яв цав таарах ёстой. Гэтэл мань хүн эхлээд 3 сарын өмнө УИХ-аас баталсан төсвийн хүрээгээ өөрчилье гэдэг санал оруулж иржээ. Түүнийгээ дагуулаад төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа бас өөрчилж төсөвт тавьдаг шаардлагуудыг нь хэрэгсэхгүй болгоно гэв. Энэ хоёрын араас орж ирсэн 2027 оны төсвийн төсөл нь зураггүй, суурьгүй хөндий каракас дээр тогтсон шаазан дээвэр. Мань эрийн нүдэндээ төсөөлж ”ард түмнээ бодсон” гэх, түүхэнд байгаагүй өндөр зарлагатай түүнийгээ тогтворгүй орлого, өр зээлээр нөхөх фантааз! Дэлхийн улс орнууд эдийн засгийн их далайд хөлөг онгоц, үгүй ядахнаа моторт завиар уралдаж байгаа. Манай улс нэг муу дарвуулт завьтай, түүнийгээ живүүлчихгүй залуурдаад явах ахмадын дутагдалтай. Гэтэл Учрал ахмад маань завь чинь цоорч бариад төвөгтэй юм задлаад сал хийчихье гээд байгаа нь энэ.
“Чукча не дурак” гэгчээр энэхүү хийсвэр төсөөллөө дэмжүүлэхийн тулд жижигхэн хахуулиуд суулгаад өгчихсөн: ахмадын тэтгэвэр нэмнэ, төрийн албан хаагчийн цалин нэмнэ, зээл өгнө гэх мэт амлалтууд. Оюутолгойгоос ашиг авахыг бүх Монгол хүн дэмжинэ, ТӨК-үүдийн хяналтгүй төсөв угаасаа эрх баригч намын арын халаас байсаар ирсэн засах ёстой. Гол нь завиа задалдаг нь ямар учиртай юм бэ? Ингэж асуухаар өөдөөс “би ард түмэнтэйгээ давнаа” л гээд байхаас өөр тайлбар байхгүй. Өнөөдөртөө би даргаараа л байвал маргааш улсын эдийн засаг сүйрэх нь хамаагүй гэсэн бодол.
Төсвийн алдагдал, зардлын хязгаараа байхгүй болгох, нэг удаагийн орлогоор байнгын урсгал зардал үүсгэх, иргэн бүрийн нэр дээр хадгалагдах учиртай Баялгийн сангийн хөрөнгөө үрэн таран хийнэ, үнэ цэнтэй ТӨК-үүдийнхээ хувьцаагаар сан байгуулж арилжина, Орон нутгийн хөгжлийн сангийн иргэд мэддэг төсвийг танана гэх гэх мэт олон уршиг энэ төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн төсөлд бий. Албаны үгтэй, мэргэжлийн тайлбаруудаас “ард түмэндээ өгнө” гэдэг популизм өнөөдөртөө илүү хүнд хүрч байх шиг байна. Гэхдээ болох нь гарцаагүй далайн шуурганд бүгдээрээ салтайгаа хөмөрчихвөл хувь хувьдаа авсан зомголоор амьд гарахгүй!
#төсөв #moconomy